Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-07
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай
Дугаар: 2026/07
Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр
Мөнгөний бодлогын хороо 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
Өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд ӨОХ-ны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах.
Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлтийн эрч суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байна.
Монголбанкны стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт системийн хэмжээнд зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед банкнууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах нь зүйтэй.
Харин өрхийн өрийн дарамт болон хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл анхаарал татаж байна. Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9 дүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна.
Банкнууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боловч цалин, малчны зээл, автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлийн хувьд бүтцийн өөрчлөлт хийхэд мөн эдгээр хязгаарлалтууд үйлчилдэг. Иймд санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.
2026 оны 9 дүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх орон зайг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Иймд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Энэ удаагийн хурлаар макро, санхүүгийн орчны төлөвийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын бусад арга хэрэгслүүдийн хувь, хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
Гадаад орчны тодорхойгүй байдал, өрхийн секторын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлт болон системийн эрсдэлийн төлөвийг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Дараах холбоосоор татна уу: татах