Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа

Монголбанкнаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Төв банк (Бундесбанк)-тай 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Банкны хяналт шалгалтын үнэлгээний үйл явц” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд хамтран зохион байгууллаа.
Бундесбанкны Хяналт шалгалтын үнэлгээний үйл явц (SREP)-ын хэрэгжилт хариуцсан нэгжийн захирал, Хамтарсан хяналт шалгалтын багийн хянан шалгалтын мэргэжилтнүүд удирдаж, Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагчид хамрагдав.

Сургалтын хүрээнд банкны эрсдэлийн удирдлага, хяналт шалгалтын үнэлгээний аргачлал, бизнес загварын үнэлгээ, банкны салбарт шинээр үүсэж байгаа эрсдэл, сорилтуудыг авч үзлээ. Мөн олон улсын сайн туршлага, бодит кейс судалгаанд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилын талаар мэдлэг, туршлага солилцлоо.
Сургалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Бундесбанкны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, Монголбанкны хянан шалгагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид хоёр улсын төв банкны хамтын ажиллагааг өргөжүүлж, банкны хяналт шалгалтын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Энэхүү сургалт нь Монголбанкны хяналт шалгалтын чадавхыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга зүйг боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болж байна.
Цаашид Монголбанк Бундесбанктай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хяналт шалгалтын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, банкны хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.