A-
A
A+

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын хэлсэн үг

2026-11-20 17:45 | Мэдээ

Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Та бүхэнд танилцуулж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд асуудалд нухацтай хандаж, тогтоолын төсөлд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцэж, дэмжсэн болно. Ажлын хэсгийн болон байнгын хорооны дарга, гишүүдэд талархал илэрхийлье.

Бид үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн сургамжид дүгнэлт хийж, хуримтлагдсан суурь асуудлыг цогцоор нь шийдэх багц арга хэмжээг санал болгосон билээ. Эдгээр арга хэмжээ нь Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратегид тусгасан шинэчлэлийн эхлэл болж байгаагаараа онцлог юм.

Нэг. Эдийн засгийн нөхцөл байдал, зайлшгүй шийдвэрлэх асуудал

Сүүлийн 15 жилийн зөвхөн 5-д нь инфляц зорилтот түвшинд хүрч чаджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны 10 дугаар сард инфляц 13.4% болж, зорилтоос хоёр дахин гаруй өндөр болж нэмэгдлээ.

Инфляцын 61% буюу 8.2 нэгж хувь нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнийн өсөлт, дотоодын мах, хүнсний үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалсан. Гэвч суурь инфляц ч мөн өсөж байна: суурь инфляц 2 дугаар сард 4.2% байсан бол 10 дугаар сард 7.4% болжээ. Энэ нь үнийн дарамт өргөн тархаж байгааг харуулж байна.

Олон жил үргэлжилсэн өндөр инфляц нь гадаад, дотоод нөхцөл байдал, нийлүүлэлтийн саатал, ган зуд зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой хэдий ч үндсэн шалтгаан нь эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, түүнийг бий болгож буй тогтолцоо/механизм бий болж томорч байгаатай холбоотой гэж дүгнэлээ.

Бүтээмжийг дэмждэггүй, инфляцын дарамт байнга үүсгэдэг мөнгөний илүүдэл дараах гурван гол сувгаар бий болж байна:

Монголбанкаар дамжуулан хэрэгжүүлж ирсэн төсвийн шинжтэй хөтөлбөр, арга хэмжээ. 2012 оноос хойш Монголбанк ипотек, үнэ тогтворжуулах, цар тахлын дэмжлэг зэрэгт нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон нь Төв банк жил бүр дунджаар ДНБ-ий 1.4%-тай тэнцэх төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлжээ.

Валютын зах зээл дэх Монголбанкны оролцоо. Төв банк валютын зах зээлийн зохицуулагч биш харин хамгийн том худалдан авагч, хамгийн том нийлүүлэгч болсон өнөөгийн тогтолцоо нь мөнгөний зах дээр богино хугацаат төгрөгийн илүүдлийг байнга бий болгодог механизм бий болгожээ. Мөн урт хугацаат своп хэлцлүүд валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг талтай ч 2013–2022 онд своп, деривативын хэлцлүүдээс Төв банк 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн байна.

Төсвийн тэлэлт. Сүүлийн 15 жилд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас давсан төсвийн алдагдлын нийт дүн 12.6 их наяд төгрөг байна.

Эдгээр сувгаар үүссэн илүүдэл мөнгийг татахын тулд Монголбанк Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) гаргаж, 2012–2025 онд 6.0 их наяд төгрөгийн хүү төлсөн. Өөрийн хөрөнгийн дутагдалтай Монголбанк орлогоороо энэ зардлыг нөхөхгүй тул хүүг шинэ мөнгөөр төлж, тэр мөнгө дахин илүүдэл болж, түүнийг татахын тулд дахин хүү төлдөг. Ийнхүү хүүгийн зардал өөрөө өсөх тойрог буюу цасан бөмбөлгийн механизм үүсгэж, 2025 оны жилийн аудитлагдсан тайлангаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 4.2%-д хүрсэн.

Хөндлөнгийн аудитын байгууллагууд 2021 оноос хойш Төв банкны алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгийн дутагдал өндөр түвшинд хүрснийг удаа дараа тэмдэглэж, Төв банкны тухай хуульд заасны дагуу өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх арга хэмжээ авахыг зөвлөж ирсэн байдаг.

Монголбанк гадаад геополитикийн нөхцөлд тодорхой багц бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд валютын улсын нөөц 2026 оны 9 дүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.доллар болж өссөн. Гэвч асуудлыг хойшлуулах тусам алдагдлыг нөхөх дүн нэмэгдэж, сонголт хумигдана. Арга хэмжээ авахгүй бол Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал 2031 онд хамгийн багадаа 7.0 их наяд төгрөгт хүрэхээр тооцоологдож байна. Энэ нь төв банк бие даасан бодлогоо хэрэгжүүлж инфляцыг бууруулах орон зайг хязгаарлаж, айл өрх, хүн бүрийн цалин, тэтгэвэр, хадгаламжийн бодит үнэ цэнийг бууруулна.

Хоёр. Монголбанкны дунд хугацааны стратеги

Монголбанк өнгөрсөн хугацааны үйл ажиллагаандаа бодит дүгнэлт хийж, асуудлыг аргацаахгүй, үндэс сууриар нь шийдэх зорилгоор үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал, Төв банкны засаглал ба цахим шилжилт гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд 37 арга хэмжээг тусгасан дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж эхлээд байна.

Эдгээр шинэчлэлүүд амжилттай хэрэгжсэнээр инфляц дунд хугацаанд 5% орчимд тогтворжиж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал үе шаттай нөхөгдөнө.

Гурав. 2027 оны үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Үндсэн чиглэлд 14 арга хэмжээ тусгагдлаа, тогтоолоор Засгийн газарт 5, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд 9 үүрэг, даалгавар өгөгдсөн. Эдгээр нь бүхэлдээ инфляцыг бий болгож, тэтгэж буй сувгуудыг үе шаттай хаах, саармагжуулахад чиглэнэ. Тухайлбал:

Засгийн газрын үнэт цаас. ТБҮЦ-ыг зохистой түвшинд хадгалж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Засгийн газар 2027–2030 онд жил бүр 1.0 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаасыг Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, гадаад өрийн удирдлагын зориулалтаар гаргана. Мөн төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Төв банкны алдагдлыг шийдвэрлэхэд 2028–2032 онд жил бүр 1.0 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлнэ. Ингэснээр илүүдэл мөнгийг зөвхөн ТБҮЦ-аар бус, Засгийн газрын үнэт цаасаар татаж, Монголбанкны өөрийн хөрөнгө үе шаттай сэргэх юм.

Засгийн газар энэхүү нэн чухал арга хэмжээний ач холбогдлыг ойлгож, дэмжиж байгаа нь анхны тохиолдол гэдгийг онцлон тэмдэглэе. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаашид Төв банкаар төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, Төв банкнаас санхүүжилт авахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж, төсвийн дүрэм, сахилга батыг сахиж ажиллахаа удаа дараа мэдэгдсэн нь зах зээл, хөрөнгө оруулагчдад маш сайн дохио хүргэж, инфляцыг тогтворжуулах эерэг хүлээлтийг бий болгож байна.

Төсвийн шинжтэй үйл ажиллагааг хориглох. Төв банк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхийг хориглосон хуулийн төслийг боловсруулж, хууль санаачлагчид уламжлахаар тусгасан. Мөн орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэлийг  2027 онд хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн, 2028 онд хэрэгжилтийг бүрэн шилжүүлэн өгнө. Хөтөлбөр шилжсэнээр одоогийн зээлдэгчдийн гэрээ, хүү өөрчлөгдөхгүй. Мөн төрийн мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанаас үе шаттай тусгаарлах шаардлагатай байна.

Нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлтийг хязгаарлах. Нийлүүлэлтийн шокийг зөвхөн мөнгөний бодлогоор шийдэх боломжгүй юм. Иймд гол нэрийн барааны нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог зах зээлийн зарчмаар бүрдүүлж, нөөц бүрдүүлэлтийг ил тод болгох арга хэмжээ тусгагдсан.

Валютын зах зээл дэх Төв банкны оролцоог үе шаттай багасгах. Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангаж, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох зарчмыг баримтална. Төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанканд бүрэн худалдах зохицуулалтаас үе шаттай татгалзаж, дотоодын валютын захад ил тод, өрсөлдөөнт зарчмаар арилжаална. Ингэснээр мөнгөний зах дээр үүсдэг төгрөгийн илүүдэл хязгаарлагдаж, мөнгөний бодлогын үр нөлөө сайжирна.

Санхүүгийн зах зээл, банкны салбар. Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн арилжааны дэд бүтцийг холбож, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захыг идэвхжүүлснээр төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруй бүрдэж, бодлогын хүү эдийн засагт илүү хурдан дамжина. Мөн цахим залилангийн эсрэг шуурхай мэдээлэл солилцох тогтолцоо бүрдүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэнэ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Бидний зорьж буй энэхүү шинэчлэлийн багц арга хэмжээ бол мөнгөний бодлогын богино хугацааны тохируулга биш. Энэ бол Монголбанкыг үндсэн чиг үүргээ тууштай хэрэгжүүлдэг, санхүүгийн чадавхтай, хараат бус, хариуцлагатай институт болгон бэхжүүлж, инфляцыг дунд, урт хугацаанд нам, тогтвортой түвшинд тогтворжуулах цогц шинэчлэл юм. Үүний тулд Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, инфляцыг үүсгэн тэтгэж буй сувгуудыг хаах эрхзүйн орчныг сайжруулах Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, төв банкны засаглал үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Тогтоолын хэрэгжилтийг тогтмол үнэлж, Улсын Их Хуралд тайлагнана.

Засгийн газар инфляцыг бууруулж тогтворжуулах суурь шийдэл, реформыг дэмжиж, эхлүүлж байна. Хойшлуулбал зардлыг иргэд инфляцаар төлж, цаашид төсөвт ирэх дарамт улам томорно. Иймд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын дэмжлэг, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, дэмжин баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.