Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван МУИС-ийн оюутнуудад лекц уншив
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны хүрээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван 10 дугаар сарын 31-ний өдөр МУИС-ийн оюутнуудад Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн зорилтуудын талаар танилцуулга, лекц уншлаа.
Дэлхийн 170 гаруй оронд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж, хүүхэд, залуучуудад хуримтлалын ач тусыг тайлбарлан таниулах өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг. Монгол Улсын хувьд 2017 оноос хойш хуримтлалын аянд нэгдсэн бөгөөд жил бүр аяны хүрээнд Монголбанкны удирдлагууд их, дээд сургуулиудын оюутнуудад лекц уншиж, хуримтлалын ач тус, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгдөг уламжлалтай.
Энэ жилийн хуримтлалын аяны хүрээнд өмнө нь Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, оюутнуудтай уулзалт, сургалт хийсэн. Харин энэ удаад МУИС-ийн оюутнуудад лекц, танилцуулга хийж, Монголбанкны үндсэн зорилт, зорилго, төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл, эдийн засгийн төлөв байдал, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулав.
Дашрамд дурдахад, “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяныг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд хамтран “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.