A-
A
A+

Монголбанкныхан Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

2025-05-09 14:00 | Мэдээ

Жил бүрийн тав болон аравдугаар сард бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны 12 банк, Монголын банкны холбоо, “Тэрбум мод” сан зэрэг байгууллагын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 300 навчит мод тарилаа. 
Монголбанкнаас санаачлан тэрбум мод үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор арилжааны банкнуудтай хамтран “Тэрбум мод сан”-г байгуулсан. Энэ хүрээнд банкны салбарынхан 2030 он хүртэл улсын хэмжээнд 50 сая мод тарих, Улаанбаатар хот болон 21 аймагт банкны төгөл байгуулахаар зорьж буй юм. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнөөдрийн байдлаар банкны салбарынхан бид “Тэрбум мод” сантай хамтраад 21 аймаг, Улаанбаатар хотод банкны төгөл байгуулж, 3 сая 58 мянган мод тарьсан байна. Мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, цөлжилтийг зогсооход чухал үр дүнтэй юм” гэлээ. Түүнчлэн “Тэрбум мод” сангийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа “Бид Олон улсын цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын банкны нэрэмжит төгөл байгуулахаар болж, 2024 оноос тариалалт хийж эхэлсэн. Өнгөрсөн онд 20 гаруй нэр төрлийн 7000 орчим мод тариад байна. Энэ онд дахин 1000 гаруй мод тарихаар төлөвлөж байна” гэлээ.  


Монгол Улсын хувьд, жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд цельсийн 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин илүү байгаа юм. Мөн нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон болохыг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Тиймээс ч тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа урагшилж, хаврын мод тарих эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ мод тарихыг та бүхэнд уриалж байна.