Банкны байгаль орчин, нийгэм засаглалыг эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын хүрээнд сайжруулах талаар сургалт зохион байгууллаа
Монголбанк болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) хамтран хэрэгжүүлж буй “Төв банкийг ногооруулах бэлэн байдалд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд UNESCAP-аас Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны А-31 дүгээр тушаалаар баталсан “Банкны байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлал”-ын хэрэгжилт, тайлагналын зохицуулалтанд үнэлгээ хийж Монгол Улсын Байгаль орчин, нийгэм засаглал (БОНЗ)-ын талаарх хэлэлцүүлгийн баримт бичгийг боловсруулсан.
Уг баримт бичгээр Монгол Улс БОНЗ-ын зохицуулалтын дэд бүтцийг бүрдүүлж эхэлсэн ч олон улсын стандартад бүрэн нийцүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх, эрсдэлийг үнэлэх тоон аргачлал, чадавхыг сайжруулах, нэгдсэн БОНЗ-ын өгөгдлийн дэд бүтэц хөгжүүлэх, цахим мэдээлэл цуглуулах нэгтгэсэн платформ нэвтрүүлэх зэрэг чиглэлүүдэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг зөвлөсөн байна.
Энэхүү “БОНЗ хэлэлцүүлгийн баримт бичиг”-ийг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг Монголбанкны Хяналт шалгалтын газар, Банкны бодлого, бүтцийн өөрчлөлтийн газар, Зөвшөөрлийн албаны хянан шалгагчид болон холбогдох бусад газрын ажилтнуудад зориулан 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын үеэр уур амьсгалын эрсдэлийн талаарх олон улсын зарчим, стандарт, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлал болон Монгол Улсад хэрэгжиж буй БОНЗ тайлагналын тогтолцоо, хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар онолын болон практик мэдээлэл өгч, оролцогчдоос санал авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уур амьсгалын эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд, БОНЗ-ын бат бөх тогтолцоо нь эдгээр сорилтыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх шинэ гарц, боломжуудыг бүрдүүлнэ гэдгийг сургалт хэлэлцүүлэгт оролцогсод онцолсон.