A-
A
A+

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементийг таниулах сургалт зохион байгууллаа

2025-05-16 08:00 | Төгрөг 100

Үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг анх гүйлгээнд гаргасны 100 жилийн ойн хүрээнд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой” хамтран “Мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элемент таних” сэдэвт сургалтыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны сургалтын танхимд зохион байгууллаа.

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч Н.Цолмонжаргал, М.Энхбаяр нар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очиррэнчинтэй хамтран сургалт зохион байгуулж, 2019 оноос хойш үйлдвэрлэгдсэн мөнгөн тэмдэгтэд шинээр хийгдсэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элементүүдийг танилцуулж, практик дадлага хийж, цаашид хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан мөнгөн тэмдэгтийг таних элементийг

2019 онд:

  • 50төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 2 ширхэг ташуу зураас,
  • 20000төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 8 ширхэг ташуу зураас хийж сайжруулсан. 

2020 онд:

  • 100төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 3 ширхэг ташуу зураас,
  • 500 төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 4 ширхэг ташуу зураас,
  • 1000төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 5 ширхэг ташуу зураас хийж тус тус сайжруулсан.

2021 онд:

  • 10000төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 7 ширхэг ташуу зураас хийж сайжруулалсан. 

2024 онд:

  • 5000төгрөг - баруун болон зүүн тал тус бүр дээр 6 ширхэг ташуу зураас хийж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элементийг шинэчлэн сайжруулсаар байна.

Сургалтын үеэр харааны бэрхшээлтэй иргэд төлбөр тооцоо хийх үедээ тулгардаг бэрхшээлүүд, мөнгөн тэмдэгтийг дэвсгэртээр ялган таних арга болон хэрэглээнд тулгарч буй бодит асуудлуудын талаар санал солилцож, цаашид хамгаалалтын элементүүдийг илүү сайжруулах, хүртээмжтэй болгох чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бодлогын саналдаа тусгаж ажиллахаар боллоо.