Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголбанкны төлөөлөл оролцов
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны 34 дэх удаагийн жилийн уулзалт 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лондон хотноо “Хэтийн хүрээг тэлж, бат бэх чадварыг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Уулзалтад Монголбанк, Сангийн яам болон хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо.
Энэ удаагийн жилийн уулзалтаар 2026-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, банкны үйл ажиллагааг Саб-Сахарын Африкийн бүс нутагт өргөжүүлж буйтай холбогдуулан Бенин, Кот д’Ивуар, Нигери улсуудыг банкны хүлээн авагч улсаар албан ёсоор элсүүлэв.
Монголбанкны төлөөлөл ЕСБХБ-ны Санхүүгийн байгууллагуудыг хариуцсан газрын захирал Жорж Орлов, Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал Хүсэйн Өзхан болон Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлдөг тойргийн захирал Рене ван Хэлл нартай албан уулзалт зохион байгуулж, институц хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Мөн жилийн уулзалтын үеэр ХААН банк ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 145 сая ам.долларын дүн бүхий урт хугацааны санхүүжилтийн хэлцэл байгуулсан нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт боллоо.