Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланд өгөх дүгнэлт болон бусад асуудлаар Хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөл 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж Монголбанкны Мэдээллийн технологийн газaр болон Төлбөр тооцооны газрын чиг үүрэг, зорилго, бүтэц бүрэлдэхүүн, төлөвлөгөө, цаашид хийх ажилтай танилцлаа.
Мэдээллийн технологийн газaр нь банкны үйл ажиллагааг мэдээллийн технологийн шийдлээр дэмжиж, хэрэглэгч төвтэй, инновацлаг, аюулгүй программ хангамж болон дэд бүтцээр хангах замаар цахим шилжилтийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд системийн найдвартай, үр, ашигтай программ хангамжийн хөгжүүлэлт, ашиглалтыг сайжруулахад чиглэн ажиллаж иржээ. Цаашид ISO/IEC27001 стандартыг нэвтрүүлэх, зарим протокол, зөвшөөрлийг цахимжуулах, нэр бүхий нээлттэй платформын ашиглалт, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээний дэвшилтэт шийдлийг турших, банкны мэдээллийн технологийн зохистой удирдлага зэргийг сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Хяналтын зөвлөлийн гишүүд тус газрын үйл ажиллагаатай холбогдуулан өөрсдийн саналаа илэрхийлж, цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хиймэл оюун ухаан ашиглах, дата анализ хийх ажлууд нь мэдээллийн технологийн бэлэн байдал, дэд бүтцийн аюулгүй, найдвартай байдал зэрэгтэй салшгүй холбоотой тул мэдээллийн технологийн аудит хийлгэх, дата стратеги боловсруулах явдал чухал гэдгийг сануулав.
Монголбанкны Төлбөр тооцооны газар нь Үндэсний төлбөрийн системийг зохицуулах, хяналт тавих, хөгжүүлэх чиг үүрэгтэй. Туc газрын хувьд 2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төлбөрийн системийг шинэчлэх төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд Үндэсний төлбөрийн системийн хууль батлуулж, RTGS системийг шинэчлэн, үндэсний цахим гүйлгээний төвийн бие даасан сүлжээг өргөтгөн, аюулгүй байдлыг сайжруулж, нөөц дата төвийг шинэчилж, PKI буюу тоон гарын үсгийн дэд бүтцийг байгуулан, АСН+ систем буюу 5 сая хүртэлх төгрөгийг гүйлгээг тухайн агшинд нь өөр банкны харилцагч хүлээн авах системийг нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь банк хоорондын гүйлгээ андуурагдах, буруу данс руу гүйлгээ хийгдэх зэрэг эрсдэлээс сэргийлсэн, EMV/NFC технологитой мастер карт нэвтрүүлж чиптэй болсноор картын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулсан зэрэг төсөл, үйл ажиллагааг амжилтай хэрэгжүүлжээ. Хяналтын зөвлөлийн гишүүд тус газрын хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн дэд бүтцийн дам нөлөөг салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чиглэлд ашиглах боломжтой эсэх, дээрx системүүдийн үйл ажиллагааны болон хөгжүүлэлтийн зардал, найдвартай байдал зэрэг сэдвээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцлоо.
Мөн Монголбанкны санхүүгийн 2024 оны аудитлагдсан тайланд Хяналтын зөвлөлөөс өгөх санал дүгнэлтийн хүрээнд тайлан, түүний баталгаажсан байдал, хараат бус аудиторын “хязгаарлалттай дүгнэлт”, ашиг, алдагдал болон бусад дэлгэрэнгүй орлого, өмчийн өөрчлөлт болон гүйлгээний тайлан гэсэн чиглэлээр санал солилцоод “Засгийн газарт олгосон зээл нь төв банканд санхүүгийн эрсдэл учруулж буй тул цаашид энэ төрлийн зээлийн нөхцөл, гэрээ болон эргэн төлөлт дээр анхаарах. Улмаар төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах”; “Он дараалан Хязгаарлалттай дүгнэлттэй, их хэмжээний хуримтлагдсан алдагдалтай явах нь үйл ажиллагаа, санхүү болон нэр хүндийн эрсдэл үүсгэж буйд анхаарах”; “Мөнгөний бодлогын нөлөөллийг нэмэгдүүлж хүүгийн зардлыг бууруулах чиглэлд ажиллаx” зэрэг зөвлөмжийг УИХ-ын ЭЗБХ-нд болон Монголбанкны удирдлагад хүргүүлэв.
Хурлын эцэст Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийн гадаад томилолтын үр дүнгийн талаар сонсож, цаашид хэрэгжүүлэх боломжтой зарим туршлага болоод судалсан мэдээлэлтэй холбогдуулан ирэх сард Монголбанкны захирлуудын зөвлөлтэй хийх уулзалт дээр санал солилцохоор тохирлоо.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ