Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэрийг тус тус гаргалаа.
Эдгээр бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд,
- АНУ-аас хэрэгжүүлж буй тарифын бодлогын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд удаашрах төлөвтэй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна. Үүнээс шалтгаалан эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл нэмэгдэж байна.
- Худалдааны дайны эрсдэлтэй зэрэгцэн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж байгаа нь гангийн эрэлт, нүүрс, төмрийн хүдрийн үнэд сөргөөр нөлөөлж байна.
Инфляц сүүлийн гурван сарын турш саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа.
- Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт хүлээлтээс бага, мөн импортын барааны үнэ хүлээлтээс багаар өссөн нь голлох нөлөөг үзүүллээ.
- Түүнчлэн, ҮСХ-оос тооцдог хэрэглээний үнийн индексийн сагс шинэ суурьт шилжсэн нь инфляцын тооцооллыг өөрчилж, өмнөхөөс буурууллаа.
- Засгийн газрын шийдвэрийн дагуу төрөөс үзүүлж буй үйлчилгээний төлбөрийг энэ онд нэмэхгүй байх шийдвэр гарсан, дотоодын хүнс, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ хүлээлтээс бага гарсан зэргээс шалтгаалан энэ оны инфляцын төсөөллийг өмнөхөөс буурууллаа.
- Ийнхүү инфляц ирэх улирлуудад 9-10 хувийн орчимд хэлбэлзэж, оны сүүлээс алгуур буурсаар 2026 оны 1 дүгээр улиралд Төв банкны зорилтот интервалд орж буурахаар байна.
- Гэхдээ дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч, гадаад орчны эмзэг байдал өндөр байгаа энэ үед томоохон төслүүдийг дотоодоос санхүүжүүлэх шаардлага үүсвэл төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлж болзошгүйг анхаарах нь зүйтэй.
Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувьтай буюу хүлээлтээс бага гарлаа.
- Үүнд, зэс, алт, нүүрсний олборлолт багассан, нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор тээврийн салбарын орлого агшиж, худалдааны салбарын идэвхжил буурсан зэрэг нь голлон нөлөөлөв.
- Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч энэ оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай гарах хүлээлттэй байна.
- Хэдийгээр нүүрсний орлого буурч байгаа боловч экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байх, зэсийн баяжмалын олборлолт эрчимжих нь уул уурхайн салбарыг дэмжих, хаврын саруудад мал төллөлт, төл малын бойжилт сайн байснаар хөдөө аж ахуйн салбар зудын хүдрэлээс сэргэх зэрэг нь өсөлтийг голлон тэтгэхээр байна.
- Цаашлаад бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц, гадаад, дотоод эрэлт, түүхий эдийн үнэ зэрэг нь өсөлтийн төлөвт нөлөөлөхөөр байна.
Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэлийг дагуулж байна. Том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжилж, БНХАУ-ын эдийн засаг болон эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс гадаад эрэлт ихээхэн хамаарна.
- Гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа энэ үе нь Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна.
- Иймд эдгээр төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй.
Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр байна. Үүнийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 3 дугаар сарын ээлжит хурлаар тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг гаргасан хэдий ч зарим зээлдэгчдийн хувьд шилжилтийн үеийн хүндрэл үүсэж, бодлогын арга хэмжээнд тохируулга хийх шаардлага үүсээд байна.
Ийнхүү гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргав. Түүнчлэн, тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчдэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх хүрээнд зохицуулалтын арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ. Тэтгэврийн зээл нь мөн чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж байна. Хэрэв энэ зохицуулалтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэхгүй хойшлуулвал ахмад настнуудын санхүүгийн нөхцөл байдал улам хүндрэх бөгөөд цаашид шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болохыг тооцоо, судалгааны үр дүн харуулж байна.
Монголбанкны бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!
2025-06-13