Монголбанк
Буцах

ХЭВЛЭЛИЙН ХУРAЛ: Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалт

2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гарсантай холбоотойгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хуралд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын сэтгүүлчид оролцов.

Хурлыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ: Энэ долоо хоногт МБЗ-ийн ээлжит хурал 2 өдөр үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Энэ удаагийн хурлаар Монголбанкны МБСГ-аас МБЗ-д бодлогын хүүг бууруулах санал оруулсан. Үүнийг зөвлөлөөр хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргалаа. Энэхүү шийдвэр гаргалтын талаарх мэдэгдлийг та бүхэнд уншиж танилцуулъя:

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны 4 дүгээр сарын 3-ны болон 5-ны өдрүүдэд тус тус хуралдан, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит сектор, бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргалаа. Улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад энэ оны зорилтот түвшинтэй нийцтэй байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна. Гэвч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тодорхой бус байдал үргэлжилж байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзэв. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.



Хэвлэлийн хурлын үеэр тавигдсан асуулт, хариулт:

Юуг үндэслэн инфляийн түвшинг оны эцсийн зорилтот түвшинтэй нийцтэй байна гэж үзэж байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Инфляцийг зорилтот түвшин хүртэл бууруулахын тулд бид бодлогоо хэрэгжүүлж байгаа. Инфляцийг найман хувьд хүргэх боломж бий болж байгаа нь судалгаа шинжилгээ, иргэдийн хүлээлт, эдийн засгийн орчин энэ бүгдээс шалтгаалдаг. Ноднин 10 сард хийсэн иргэдийн инфляцийн хүлээлтийн судалгаанаас харахад 15-16 хувьтай байсан. Дээрээс нь нэмээд ОУ-ын байгууллагууд ч гэсэн тэр үед бүгдээрээ 16-20 хувийн инфляцийн хүлээлттэй байв. Түүнийгээ ч олон нийтэд мэдээлж байсан. Бид найман хувийг зорьсон. Энэ маань ч тухайн үедээ нэлээн олон хүмүүст боломжтой юу, үгүй юу гэдэг тал дээр маргаан үүсгэж байсан.

Монголбанкнаас сүүлийн 5 сар орчим хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд оны зааг дээр 14 байсан, 6 сарын өмнө 15 байсан инфляцийн түвшин хамгийн сүүлийн мэдээгээр 11.3-т хүрсэн учраас энэ маань өөрөө бодлогын хүүгээ бууруулж мөнгөний бодлогыг зөөлүүлэх боломжийг олгож байгаа юм. Тодруулбал инфляци бууж байгаа маань өөрөө бодлогын хүү буурах боломжийг олгож байна. Бодлогын хүү буурч байгаа нь эдийн засгийн бодит секторыг дэмжих, бизнесийг идэвхижүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Үүн дээр бид бодитой, дорвитой үр дүн гарна гэдэгт итгэж байна. Он гарсаар 1.75 нэгж хувиар бодлогын хүү буурсан байгаа нь бизнесийн идэвхижилийн энэ сезон дээр банкуудад зээл өгөх итгэлийг нь нэмэгдүүлэх, энэ эдийн засаг дотор, бизнес хөрөнгө оруулалтаа нэмэх тэр бололцоо боломжийг нь нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

Банкны зээлийн хүүн дээр шууд нөлөөлөл гарч ирэх нь бол банкууд Монголбанкны энэ шийдвэрийг үндэслээд өөрсдөө цаанаа зээлийнхээ хүүн дээр нөлөөлөх нөлөөллүүдээ гаргаж ирэх байх. 2-р сард бид хүүний коридорыг нэвтрүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Урьд нь бодлогын хүүний нөлөөлөл, шууд эдийн засагруу шилждэг суваг нь арай жаахан бүдэг байсан бол хүүгийн коридорыг нэвтрүүлснээс хойш илүү хүчтэй орох боломжийг бид бүрдүүлсэн байгаа. Өнөөдрийн нэг хувиар бууруулж байгаа маань эдийн засагт өгөх нөлөөлөл өмнө байсныгаа бодвол арай илүү бодитой, арай илүү хүчтэй байх боловуу гэсэн хүлээлттэй байна.

Бодлогын хүүг илүү өндөр хувиар бууруулах боломж байгаагүй юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Өнөөдрийн хувьд бидний хамгийн санаа зовсон хэсэг маань гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нөхцөл байдал байсан. Монголын төсөв, макро эдийн засгийн нөхцөл байдлаас харахад нэгээс илүү хувиар бууруулах боломж бол байсан. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалтын байдал маань сайжирсангүй, харин ч муудлаа. Гадаад худалдааны нөхцөл буюу Монголын экспортын бараануудын үнэ, импортын барааны үнэ хоёулаа сөрөг талруугаа яваад байна. Экспортолж байгаа бүтээгдэхүүний үнэ унаад байна, импортолж байгаа бүтээгдэхүүнүүдийн үнэ өслөө. Сүүлийн 6 сарын дотор шатахууны импортын үнэ 20-30 хувиар өссөн байгаа. Эдгээр сөрөг нөлөөллүүд нь хүүгээ илүү бууруулаад зоригтой явах алхмыг бууруулаад байна л даа.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.