Монголбанк

Буцах

“Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган” амжилттай болж өндөрлөлөө

Огноо: 2018/01/22

Монголбанкнаас санаачлан Эрдэнэт үйлдвэр ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран “Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган”-ыг Орхон аймагт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд сэдвийн дор амжилттай зохион байгууллаа. Уг чуулга уулзалтад Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Үндэсний статистикийн хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Хөгжлийн банк, арилжааны банкууд болон томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын эдийн засаг 2017 онд өрийн дефолт, ханшийн огцом савлагаа, санхүүгийн системийн хямрал, эдийн засгийн уналт, магадгүй үүнийг дагасан нийгмийн тогтворгүй байдал зэрэг олон асуудалтай нүүр тулахад ойрхон байсан. Дахин ийм сорилт, хүнд нөхцөл бүү тулгараасай. Бодлогын зоримог шийдвэрүүдийг тухай авч хэрэгжүүлсний үр дүнд манай улсын эдийн засагт маш олон өөдрөг үзүүлэлтүүд гарч, эерэг хандлагууд ажиглагдаж, зах зээл дээр итгэл сэргэж, эдийн засагт тулгарсан аюул, эрсдэлүүд биднээс түр холдсон ч цаашид хийх ажил маш их байна. 2018 он бол бидний хувьд бий болсон эерэг өөрчлөлтүүдээ бататгаж, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх маш чухал жил буюу шинэчлэл, реформын жил болох ёстой гэж үзэж байна. Энэ оныг бид үүлэн чөлөөний нар гийсэн үетэй адилтгаж эдийн засгаа өөд нь татах ёстой” хэмээн онцлов.

Хоёр өдөр үргэлжилсэн уг чуулганаар өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бодлогын хэрэгжилт, түүнээс авах сургамж, 2018 оны эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв, сорилтууд,  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, цахим мөнгө болон криптовалют зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө. Чуулганы үеэр нийт оролцогчид Монголын эдийн засагт нааштай үр дүн гарч эхэлж байгаа энэ үеийг ашиглан төрийн бодлогын алдааг засч, цаашид зөв, оновчтой бодлого хэрэгжүүлэх хөрс суурийг тавих явдал чухал байгааг санал нэгтэйгээр дүгнэсэн болно.

Монголбанкнаас “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүлийн тусгай дугаарт энэ удаагийн чуулганы үеэр тавигдсан илтгэл, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг нэгтгэн хэвлүүлэхээр бэлтгэн ажлыг ханган ажиллаж байна.

Нийт оролцогчдын зүгээс Монгол улсад ийм төрлийн чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулах шаардлага байгааг дурдаад цаашид жил бүрийн эхэнд “Эдийн засгийн бодлогын чуулган”-ыг уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй болохыг онцоллоо.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.