A-
A
A+

Хуулийн төсөлд санал авах тухай

2023-11-13 09:00 | Мэдээ

Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг тогтоосон. Энэ асуудлын хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкуудаас анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж хуулийн шаардлагыг биелүүлсэн хэдий ч банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 20 хувь болгож бууруулах төвлөрлийг бууруулах үйл явц нь гадаад, дотоодын олон хүчин зүйлээс хамаарч ихэнх банкуудын хувьд цаг хугацаандаа биелэх боломж хязгаарлагдмал байгааг бодит нөхцөл, олон улсын байгууллагын судалгаа харуулж байна.

Мөн түүнчлэн, Банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахад дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нэр хүнд бүхий олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоог дэмжих зэрэг шаардлагууд үүсч байна.  Энэ хүрээнд Монгол улс гишүүнээр нь элсэн орсон олон үндэстэн/талт, гишүүдийнхээ хөгжлийг дэмжих зорилго бүхий Европын Сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн Корпораци зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын болон хуульд заасан шаардлага хангасан хөрөнгө оруулагчийг Банкны тухай хуулийн 36.15-ийн хязгаарлалтаас чөлөөлөх нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулахад дэмжлэг үзүүлэхээр байна.

Иймд банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, зээлийн хүүг бууруулах стратеги зэрэг богино, дунд хугацааны бодлогын баримт бичгийг судлан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх олон улсын мэргэжлийн байгууллагын саналыг харгалзсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, санал авахаар хүргүүлж байна.

Хуулийн төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн дотор ld@mongolbank.mn хаягт ирүүлэхийг хүсье.